Чингис хаан 6/30
Киноны нэг анги дуусахаар дуу нь эхлэхтэй зэрэг та алхаад ирж яваа дүрс байдаг шүү дээ. Тэр хэсэг миний сэтгэлд хамгийн ихээр тод үлдэж л дээ. Бас Чингис хаан ийм л харцтай, алхаа гишгээтэй хүн байсан болов уу гэж бодогдоод байдаг юм. Та тэр хэсгийн зураг авалтын талаар яриач?
-Тийм үү. Үнэхээр чиний хэлсэнчлэн харцыг минь тэгж ажиглаж харж чадсан бол миний хэрэг бас бүтжээ гэж баярлаж байна. Би тэр нүдний харцыг, алхаа гишгээг их хааны хэв маягт тааруулах гэж маш их хөдөлмөрлөсөн. Тэр хүн ээжийгээ яаж харах юм. Гэргийгээ, хүүхдүүдээ хэрхэн харах вэ. Удаан жил нөхөрлөсөн анд нөхдөө харах нүдний хөдөлгөөн нь ямар байх юм, эзнээсээ урвасан эсвэл түүнд дайсагнасан хүнийг тэр хэрхэн ажиглах юм. Энэ бүхнийг бодож тоглосон минь л тэр. Хожим би киногоо үзэж байгаад зарим нэг дүрсэн дээр өөрийгөө хараад гайхдаг. Би яаж ингэж чадсан юм бол оо гэж. Уг нь амьдрал дээр их дуу цөөтэй, номхон дуугүй хүн. Даруу талдаа, ер нь. Гэтэл Чингис хааны тэр олон хүнтэй харьцаж байгаа, бүх хувирлууд зэрэг маань одоо харж байхад өөрийгөө овоо шүү гэж хэлмээр санагддаг. Нүд бол сэтгэлийн толь. Кино жүжигчид хичнээн сайхан үг хэлээд харц нь хуурамч байж болохгүй. Хүний бодол санаа нүдээр дамжиж илэрдэг. Тэр төгсгөлийн хэсэгт яаж алхаж гарч ирэхээ бас их удаан бодсон. Чингис хаан жирийн хүн биш. Агуу их хүн. Алхаа гишгээ нь түүнийг агуу их гэдгийг нь бас илтгэж байх учиртай. Алхаж байхдаа юм боддог хүн гэж байна. Тэр хүн юу ч бодолгүй алхаж явдаг хүнийхээс мэдээж өөр. Тэр хүний үг үйлдэл, инээж ханиах, алхах гишгэх бүхэн их хүний шинжтэй байх ёстой гэдгийг л би бодож хийсэн. Хүмүүсийн сэтгэлд хүрсэнд баяртай явдаг.