Цөвүүн цагийн бошго буюу Богд хааны лүндэн
Ум сайн амгалан болтугай… Энхжингийн орноос бууж ирсэн далай ламаас зарлигтай, Банчин богдоос сүнтагтай Далан таван Махгалын дүртэй, Мянган мэлмийтэй, түмэн сонортой Хонсим бодисад Очирдарь ламын гэгээн гэж ар халх, дөрвөн аймаг шавь долоон хошуу, Өвөр дөчин есөн хошуунд залагдаж ирсэн билээ, Би. Богд эзэн хаанаас зарлигтай Ар халхын эрдэнийн ширээнд суусан билээ. Шашиныг дэлгэрүүлж, шашины алтан тамгыг түшиж эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд амирлангуйн дүртэй суудаг билээ…
Ар халх та нар минь !!! Би гурван мянган ертөнцийг өдөр шөнийн хамт товчлон зургаан цагт эргэх эрхтэй билээ. Жэвзүндарнат би Ар халх юугаан үүрийн харанхуйд нэг, наран гарахад нэг, өдөр дунд нэг, үдшийн бүрэнхийд нэг өдөрт дөрвөн удаа эргэдэг шүү. Намайг сэтгэлийн угаас үнэн санадаг хүмүүс нэн цөөн байна. Та нарын минь гэрийн доторх хэрүүл тэмцэл, хэл ам, атаа жөтөө, галын манаа, үүдний хог шороо чинь халж орж болохгүй байна…
Ар халх та нар минь !!! Би хоёрдугаар бадаргуулт төрийн хааны арванзургаадугаар он, төмөр туулай жилийн өвлийн сүүл сарын хорин есний өдөр. Дэчингалав Очирдарийн их лавран орон хийдийг орхиж Та нарын алтан амийг аврах золиосонд өгч хайлсан биш үү. Та нарын татсан тамхины утаа Огторгуйн наран сарны гэрлийг бүрхэх цаг ирж байна. Та нарын уусан архи их мөрөн далай мэт болоод гаталж болохгүй байна. Энэ цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгөө өгч татна. Түүний хойно арван цагаан буянтай үр хүүхдээ өгч татна. Түүний сүүлд өөрийн нүдээ өгч татна биш үү. Хойт төрөлдөө гурван мянган ертөнцийн галав нөгчтөл Очирт тамын зовлонг үзнэ. Басхүү та нарын хийсэн хилэнц, үйлдсэн нүгэл чинь баруун, зүүн алган дээр минь эрлэгийн толь мэт илхэн байна. Барс туулай жилийг үзвээс жаран жилийн жаргал ирнэ. Гэвч танарын минь үйлдсэн Арван хар нүгэл хар улаан хараал чинь энэ цөвүүн цагт хар улаан ханиадны эзэн болж айсуй биш үү. Тэдгээр чинь хор болдог. Аливаа муу юмыг амирлуулж байхын тул өр гэр бүгдээрээ тасралтгүй Сүндүй, Жадонба, Лүйбумгарав, Тарбачэнбу, Дамдинжи дордог, Алтангэрэл, Дашизэгба, Нанжид, Доржэжодба, Намсрайжи янгүг. Лам хуврагууд нь гурван гүрэм, Дэжад сэржэм, Жамбал цанжод, Жамсранги шагба. Нийт шар, хар даяараа Дарь эх, Жинловцогзолма, Базарсадыг түм бум унш…
Ар халх та нар минь !!! Гурван настай балчир хүүхдээс дээш нийгэм ертөнцийн ажил төрөл, арилжаа наймаа, архи тамхи, даалуу, шагай, хөзөр тэргүүтэн арван зүйлийн нүгэлт явдлыг өдөр шөнийн зургаан цагт ер сайн мэдэж чадах байтлаа дээдийн номыг юунд эс уншнам. Түүнээ тогтоон авч үр хүүхэд, ач жич нартаа аливаа сайн зүйлийг сургах хийгээд миний урьд урьдын зарлиг сургаалийг дагаж уламжлан биелүүлээгүйгээс эцэг эхийн үгийг хөвгүүд охид нь тоохгүй Бас ламын үгийг шавь нь тоохгүйгээс журам үгүй болж хожмын хууль зарлигийг зөрчих. Эцэг эхээ айлгах, лам багшаа үзэн ядаж доромжлох болмуй. Ахмад настанг үл хүндлэхээр барахгүй хэлж сургахыг хүсвээс өмнөөс нь зандран нударгалах тийм зан төлөвтэй болмуй. Аяа халаг хухай та нар минь. Бага ч хэмээсэн ухаан юугаа дэлгэрүүлж Ном эрдэм юунд ч эс үзмүй. Хувийн өчүүхэн жаргалд автагдан Аливаа муу үйл бүхнийг гүйцэтгэн явбаас хойт насандаа бурханы оронд яаж учрах вэ…